ӨНӨӨДӨР

2024/02/05 12:36
Улиран өнгөрч буй туулай жилд ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ хошуучилсан шилдгүүд шалгарч, шагналыг аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, Засаг дарга Г.Өнөрбаяр нар гардууллаа. “Тэргүүний сум”-аар Их-Уул, Улиастай, Баянхайрхан, Цагаанхайрхан сумд, “Тэргүүний баг”-аар Улиастай сумын Богдын гол баг, “Тэргүүний хэлтэс, агентлаг”-аар Эрүүл мэндийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Мал эмнэлгийн газар шалгарлаа.
2024/01/20 20:03
Өнөөдөр /2024.01.20/ “Мөнгөн Хэрлэн-2024” өвлийн наадам Чойбалсан хотноо болж байна. Өвлийн наадамд ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО болон Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотоос зорин ирж 80 гаруй тамирчид “Мөсөн шагай”, “Мөсөн сурын харваа”-гаар өрсөлдөж цэц мэргэнээ сорьж байна. “Мөнгөн Хэрлэн-2024” өвлийн наадам хоёр өдрийн турш үргэлжлэн соёл урлагийн тоглолтууд болох юм. Монгол Улсын Засгийн газраас 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өвлийн үндэсний спортыг хөгжүүлж, түүгээр дамжуулан бүх нийтийн биеийн тамир спортыг түгээн дэлгэрүүлж, соёлын биет болон биет бус өвийг сурталчлан, хойч үедээ уламжлуулан үлдээх, аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулан өвлийн улиралд ирэх гадаад, дотоодын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгөн Хэрлэн-2024” өвлийн наадмыг зохион байгуулж буй.
2024/01/20 19:59
"Мөнгөлөг шагшуурга"-2024 мөсний баяр ховд аймагт хар нуур дээр зохион байгуулагдаж байна
2024/01/20 14:11
Батширээт сумын Барх голын төмөрбетон гүүр, хайрган замын ажил өнгөрсөн сард дуусч байнгын ашиглалтад хүлээн авсан билээ. Тэгвэл өнөөдөр тус гүүрийн нээлтийг хийлээ. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар оролцож баяр хүргэв. Тус гүүрийг улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгөөр барьсан бөгөөд хүчин чадлын хувьд 121.3 у/м, 1.2 км урт хайрган замтай зорчих хэсгийн 8 метр өргөнтэй юм
2024/01/19 15:18
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасгийн хамт олон Монгол Улсад анх удаа мөрний үеийг бүтэн солих мэс заслыг амжилттай хийж, эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ.Тус баг бүрэлдэхүүнд мэс заслын эмчээр Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Баатаржав, Гар сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Л.Нанжид болон Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Даваажаргал, ахлах зэргийн эмч Ц.Мөнх-Очир, мэдээгүйжүүлгийн эмчээр Ахлах зэргийн эмч Д.Баярсайхан, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Уранчимэг, мэс заслын сувилагч М.Амгаланпүрэв, Б.Тамир, Х.Цэндсүрэн, эм зүйч П.Сэлэнгээ нар багтсан байна.ГССҮТ-ийн 2023 оны статистик мэдээллээс үзвэл, Яаралтай тусламжийн тасагт 168 мянга орчим хүн үйлчлүүлсний 34% буюу 57.626 нь гар сарвуу дээд мөчний гэмтлийн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 3948 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 3575 нь мэс засал эмчилгээ хийлгэжээ.Гар сарвууны мэс заслын тасагт дээд мөчний хугарал, мултрал, дээд мөчний үе солих мэс засал, мөчдийн судас, мэдрэл, шөрмөсний гэмтлийн мэс засал, тасарсан мөч эргүүлэн залгах, яс зөөлөн эдийн дутмагшлыг нөхөн сэргээх бичил мэс заслаас гадна төрөлхийн болон олдмол согог засах мэс засал, мөчдийн яс, зөөлөн эдийн хавдар, үрэвслийн мэс заслын тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлж байна.Эх сурвалж: ГССҮТ
2024/01/19 09:58
Өчигдөр Монгол улсын Засгийн газар хуралдаж туулай жилийн Улсын аварга малчин өрх, аварга саальчин, аварга тариаланч фермерүүдээ шалгаруулж баталгаажуулснаар үндэсний баяр- цагаан сард бэлтгэх төр, түмний бэлтгэл нэгэнт эхэлснийг зарлалаа...Хан буурал Тарвагатайн нурууг арлаж, хатан цэнхэр Булнайн нурууг өвөрлөж, Идэр их мөрний ай савд буянт малаа адгуулан сууж, цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрээгүй, цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт өв соёл гал голомтоо залгуулан яваа Их-уулсын орны язгуурын малчин түмний дундаас Улсын аварга малчин өрх төржээ. Луу жилийн босгон дээр Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Сандагийн Ууганбаатар түүний гэр бүл угаас удмын дээдсийн улбаатай малчин хүмүүс. Өрхийн тэргүүн Сандагийн Ууганбаатарын өвөө Хуягтын эхний Нарт, Сангийн далайгаар нутагтай ач Хариад овгийн Батын Чүлтэмдагва /Чүлтээ/ гэж малч, хөдөлмөрч, амьдралын хар ухаанд тэгширсэн, нутаг орон, хаяа хатавчныхандаа нөмөр нөөлөгтэй, сонин содон намтар бүхий тухайн цаг үеийн МАХН-ы гишүүн, Жаргалант нэгдлийн үхэр суурийн ахлагчаар олон жил ажилласан нэгэн байв. Сум нийлсний дараах үеийн шинэ Их-Уул сумынхны дунд хурдан морь уяж хурдлуулах эрдэмд төгсөрсөн толгой уяач хүлэгчдийн нэг байсан юм. Чүлтээ гуайн гэр бүл Жавзан гэж ааш зан, хоол ундтай,ноён нуруутай бас л ажилч хөдөлмөрч малч нэгэн байв. Ууганбаатарын аав Сандаг 2015 онд Аймгийн аварга малчин цол хүртэж явсан бас л малч, ажилч хичээнгүй ахмадуудын нэг. Сонирхолтой нь 2015 оны хавар аав Сандаг нь Завхан аймгийн аварга малчин болж байсан бол хүү Ууганбаатар нь Их-Уул сумын аварга малчин болж байсан бахархам түүхийг эдний гэр бүлийнхэн бүтээсэн. Улсын аварга өрхийн гэрийн эзэгтэй "галын бурхан" нь Бургастын Дайртан овгийн Тогтохын Батсуурь буюу Суурь гуайн отгон охин Отгонбаяр. Суурь гуай гэж шулуун шударга, эршүүд, ажилд эрэмгий, хөдөлмөрч дайчин хүн байсан тухай түрүү үеийн өвгөчүүд хуучилдаг. Суурь гуайн хөгшин Лхамрагчаа /Аргиа гуай/ гэж Хужиртын Даазай /Данзан/ гуайн охин. Ааш зан сайхан, ажилч хичээнгүй, цэвэрч цэмцгэр энэ буянтай буурал эдүгээ 90 насны сүүдэр зэрэгцээд энх тунх сууж байна. Сайн муу нийлж сав дүүрдэг нь орчлонгийн жам. Сандагийн Ууганбаатарын өвөө Чүлтээ гуай өмнөх цагийн "төр нийгэм"ийн үед амины малаа өсгөсөн "хэргээр" хуулийн хариуцлага хүлээж явсан нэгэн. Өөрөөр хэлбэл малч, ажилч, хөдөлмөрчийнхөө төлөө, малаа өсгөж тоо толгойг нь нэмэгдүүлснийхээ төлөө тэр "буруутан болсон юм". Монголын бүх малчин өрхийн малыг 1956-1959 онд албадан нийгэмчилж авснаас хойш 1990-ээд оныг хүртэл нэг малчин өрхийн амины малын тоо хангайн бүсэд 50 толгой, говийн бүсэд 75 толгойгоос хэтрүүлж болохгүй хатуу чанд хуулийн заалттай байв. Өсч үрждэг мал, малчин удамт монголчууд түүний дотор ажилч хичээнгүй хөдөлмөрч малчин өрхүүдийн хувьд энэ нь томоохон дарамт бэрхшээл болж 50 толгойгоос давсан малаа бусдын нэр дээр тоолуулах, бүр насанд хүрээгүй хүүхдээ "өрх босгуулж" нэр дээр нь тоолуулах, бүр болохгүй бол тооноос "малаа дарах" зэрэг үйлдэл гаргаж байсан нь саяхны түүхийн бодит үнэн. Энэ үйлдлүүд нь нөгөө талаас малчин өрхийн малын тоо толгойг хязгаарлах бодлого шийдвэрийн эсрэг малчдын маань аргаа барсан "тэмцлийн хэлбэрүүд" байсан юм. Ажилч хичээнгүй малч удмын ахмадууд цаг үеийн ийм зовлонтой тулсан, бас "туулсан" нь үнэн. Дээр өгүүлснээр Чүлтээ гуай Их-Уул нутгийн урдаа барих уяач хүлэгчдийн нэг байсан юм. Жил жилийн сумын наадам эхлэхийн урд өдөр Хуягт, Сангийн далайн уяачдын гал сумын төвийн хойт Ихрийн дөрөлж давж ирэн отоглоно. Их морьд хөдлөхийн өмнөх шөнө буюу ганцхан шөнийн дотор л уясан мориныхоо бүх засал, уяаны ажлыг төгс амжуулдаг нэгэн байсан гэдэг. Их-уулын наадмын их морьдын зурхайгаас Чүлтээгийн хар саарал, Чүлтээгийн бор, Чүлтээгийн хул зэрэг тухайн цаг үеийн домогт хүлгүүд гарч тэр үеийн Тосон, Цагаан-Уул, Цэцэрлэгийн Батбаяр гуай, Дагвадорж гуай, Михай гуай зэрэг уяачдын хурдан буянуудтай хурд хүчээ сорьж түмэн эх болж айраг түрүү хүртэж явсан олон арван наадмын хууч бий. 1985 онд болсон Жаргалант нэгдлийн 30 жилийн ойн баяр наадамд бор морио түрүүлгэж, хул морь нь айрагдаж өвгөн уяач түрүүлж ирсэн хул морио Жаргалант нэгдэлдээ бэлэглэж байсан сайхан түүх үлдсэн байдаг. ...Өвөөгийн нь үйл хэрэг үнэн бөгөөд зөв байсны "буяны мөр" өнөөдөр ачид нь ийн ирж байгаа бололтой.Өнөөдрийн Улсын аварга малчин өрхийн тэргүүн Ууганбаатар 1978 оны морь жилтэй. Ууганбаатарыг цэрэгт явдаг 1996 оны зуны эхэн сард өвөө аав нь буюу Чүлтээ гуай эртнээс нааш эцэг өвгөдийн тайж тахиж ирсэн гэдэг Цог-Өндөрийн овоон дээр айл саахалт, ус голынхоо үе тэнгийн голдуу 10 гаран залуусыг дагуулан гарч овоонд идээ будаа өргөн арц хүж уугиулж, цэрэгт явж буй ач хүүгийнхээ халимаг үсийг хүний газар авахуулахгүй,нутаг оронд нь өөрийнхөө гараар авна хэмээн үсийг нь хусч түүгээр барахгүй тэнд цуг байсан 13-14 залуусыг барилдуулан овооны бэлд бууж ирээд унаж явсан морьдыг нь уралдуулж 10,20,50 төгрөгөөр байлж байсан тухай нутгийн хүмүүс одоог хүртэл хуучилдаг. Монгол ухаантай, алсын хараатай, амьдрал хэмээх шатрын хөлөг дээр шалж, бас шалуулж амьдарч, тэмцэж, хөдөлмөрлөж явсан ийм л өвөг дээдсийн үргэлжлэл юм өнөөдрийн энэ Улсын аварга малчин өрхийн гэр бүл... Томруулж хэлбэл Төв Азийн нүүдэлчдийн өв соёлыг, өмчилж өөриймшүүлж хэлбэл үндэсний онцлог, ондоошлыг тээж "агуулж" яваа малчин түмний эгэл нэг өрх бүл юм.... Туулай жилийн өвлийн адаг сарын шинийн 7-ны өдөр Улсын нийслэл хотноо Монгол төрийн ордонд Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн малчин Сандагийн Ууганбаатарын гэр бүлийг "Монгол улсын аварга малчин өрх"-өөр шалгаруулж ёсчлон батламжлав. Энэ цаг дор тэдний гэр бүл төрөлх сум орон, төрсөн өвөлжөө бууцнаасаа 400-гаад км-ын алсад Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг Халхан-Булнайн уулс, Ариг усны сав газарт алсын оторт оччихсон уулсаас уулсын өвөр дамжин хүн малын нөмөр, хөр цасны нимгэн, өвсний толгодыг даган нүүдэллэж явна. Удахгүй Монгол түмний энх мэндийн баяр цагаан сар болсноор эх нутагт нь цас ханзарч, яргуй цухуйн хаврын урь орж, Улсын аварга малчин өрх тэргүүт олон олон отрын галын хүн малын толгой нутгийн зүг эргэх болно.
2024/01/18 18:52
Маргааш өдөр Дорноговийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурга шуурна.Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 2024 оны 01 дүгээр сарын 23-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв 19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 19, 20-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -27...-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -9...-14 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.эх сурвалж: Zindaa.mn
2024/01/18 16:46
Ажлын маань хамгийн аз жаргалтай үе бол санаа зовж, удаан жил хөөцөлдөж буй асуудлуудынхаа эрх зүйн орчинг бүрдүүлж, хуулиа батлуулах тэр мөч байдаг.Хүүхдийн асуудалд зүрх сэтгэлээ өгч, олон жил ажиллаж байгаа хүний хувьд Хүүхэд хамгааллын тухай хууль, Боловсролын багц хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиуд батлагдаж, одоо Гэр бүлийн тухай хууль хэлэлцэгдэж, өчигдөрхөн Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулиа өргөн барьж, Эрүүгийн хуульд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгахад саналаа өгч эдгээр хуулиудыг өөрчилж чадсандаа маш их баяртай байна. Энэхүү асуудлуудыг дэмжин ажилласан УИХ-ын гишүүддээ, Засгийн газартаа, Төрийн албан хаагчдадаа, Төрийн бус байгууллагууддаа, хэвлэл мэдээллийнхэндээ маш их баярлалаа. Монгол үндэстэн оршин тогтнохын учир шалтгаан, ирээдүйн эзэд болсон өнөөдрийн амин эрдэнэ хөөрхөн үрсээ хайрлан зөв хүмүүжүүлж сайн зан чанартай, өндөр боловсролтой, эрүүл сайхан иргэдийг бэлдэхийн төлөө хичээн зүтгэх болно.
2024/01/18 12:52
Сар шинээр өргөн хэрэглэгддэг хэвийн боов дунджаар 3800-7000г, ааруул килограмм нь 25-35 мянга, тавгийн ааруул 150-550 мянган төгрөг, ууц 250-500 мянга, гурил 1 кг нь 2200-2500, 10 кг гурил 25-35 мянган төгрөг, ямааны мах кг нь 8000-9500, хонины мах 11000-12500 төгрөгийн үнэтэй байна.эх сурвалж: ТV8
2024/01/18 12:42
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26.0-28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтжээ.Ихэнх нутгаар салхи секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүссэн байна.Улаанбаатар хот орчмоор өчигдөр 0.3-0.6 мм, өнгөрсөн шөнө 2.0 мм цас орсон. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 11-13 хэм, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21 хэм, бусад хэсгээр 15-16 хэм хүйтэн хоносон байна.Эх сурвалж: ЦУОШГ