Завхан аймгийн Тэс сумынхан далпуу татаж, хаагдсан зам давааг нээн, машин техник хүрч чадахгүй айлууд руу зам гаргаж байна. Тус сумын Баянуул багийн Ар, Өвөр хос, Зос , Овгор, Талын ухаа чиглэлд далпуу татжээ. Цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй байгаагаас шалтгаалж, далпуу татсаны дараа шуурч байгаа нь зорчигчдод болон албан хаагчдад хүндрэл учруулж байна. Тэс сумаас Увс аймгийн Зүүнхангай чиглэлд далпуу татах ажил үргэлжилж буй.Түүнчлэн тус суманд өвөлжилт хүндэрч байгаа учраас малчдад өвс тэжээл хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг сумын удирдлагууд зохион байгуулж байна. Улмаар суманд хувиарлагдсан 40 тонн буюу 1,600 уут хивэгийг малчин, мал бүхий иргэдэд бүрэн тараажээ. Мөн Завхан аймгийн Түдэвтэй сумаас дахин 40 тонн хивэг татах ажлыг зохион байгуулсан байна. Далпуу татах ажилд ХЦ-0277 дугаар анги, онцгой байдлын алба хаагчид болон багийн засаг дарга нар биечлэн оролцож байна хэмээн Завхан аймгийн Тэс сумын Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.