2024 оны 01 дүгээр сарын 07-ноос 15-ны өдрүүдэд сумын ИТХ-ын дарга С.Батсүх, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч “Амь Ус” орон нутгийн өмчит компанийн захирал Д.Мягмардорж, Хуягт багийн засаг дарга Ц.Гантулга, Үржил багийн засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Бүрэнтогтох, Арбулаг, Алаг-Эрдэнэ сумдын нутгаар отроор өвөлжиж байгаа нутгийн малчидтайгаа уулзан, ахуй байдалтай танилцан, мэдээ мэдээлэл хүргэж, санаа бодлыг сонсож, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр танилцлаа.Тус сумдын нутгаар нийт 160 малчин 58 суурьт 20 гаруй мянган бог, 10 гаруй мянган бод мал маллан өвөлжиж байна. Эрт цас орсон, их хүйтэн, цаг агаарын тогтворгүй салхи шуургатай үед хол замд туугдсан, замын малын хоол муутай гээд бэрхшээлүүдийг даван тууулж очсон мал доогуураа нилээд муудсан, одоо түрүүчээсээ төлөг борлон, бяруу боолтрого хорогдоод эхэлсэн, адуу их турч байна, тал талаасаа олон сумдын мал оторлож байгаа болохоор бэлчээр их хомсдож, цаг жаахан түлхвэл хэцүүдэхээр байна гэж ярьж байлаа.
Алаг-Эрдэнэ сумын нутаг болох “Эрхэл” нуур орчим оторлож яваа арван хэдэн суурийн малчидтай Завхан аймгийн засаг дарга Г.Өнөрбаяр, аймгийн Хүнс ХАА-н газрын дарга Э.Балжинням нараар ахлуулсан хэсэг малчидтай уулзаж, тэдний санаа бодлыг сонслоо
Малчдын санааг зовоож байгаа бас нэг зүйл бол хавар буцах: Замын малын хоол байхгүй, зам харгуй цас ихтэй, давааны замууд хаагдсан учраас муудсан мал туугдах бололцоо нөхцөл байхгүй, Муудсан малыг ачих машин зам гаргах, хаагдсан давааг онгойлгох, цас ихтэй газруудаар мал туух зам гаргах тал дээр сум орон, аймаг сумын удирдлагууд анхаараад өгвөл маш сайн байна гэж захиж байлаа.
Хөвсгөл нутгийн ард иргэд, малчдадаа баярлаж байгаагаа малчид илэрхийлж байлаа. Зан ус сайтай, зочломтгой чанартай, зан чанар нь эвдрээгүй, малын хашаа хороо сайтай ажилсаг малчид байна гэж ярьж байлаа. Мөн бид яахав цаг нь дийлээд урь наашлахаар буцна, энд үлдэж байгаа нутгийн малчдын хаваржилт хүндрэх вий гэж санаа зовж байгаагаа өгүүлж байлаа.
Онд мэнд тарган тавтай сайхан өвөлжих болтугай.