С.Наранцогт: Иргэдэд 1072 хувьцааны ашиг 233 мянган төгрөг өгөх боломжтой

ИНДЭР
2024/01/16 15:58
Зураг

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ цаг үед “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудал хүчтэй яригдаж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зэрэг зарим гишүүн 1072 хувьцааны ногдол ашиг 580 мянган төгрөгийг тараах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Харин тус компанийн зүгээс иргэнд хуваарилах ногдол ашиг энэ дүнд хүрэхгүй гэдгийг хэлж буй.

Энэ талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт " 2023 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Үүнийг хувьцаа эзэмшигчдэд 100 хувь хуваахад л нэг иргэнд 233 мянган төгрөг ноогдоно.

Нөгөө талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 4 их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй байна. Дээр нь төрийн өмчит компаниуд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д өртэй. Тэгэхээр төрийн тавьсан өрийг төрд ноогдох ашгаар нь суутган тооцож, иргэдэд хуваарилах ашгийг тэр чигээр нь өгчхөж болж байна.

Төрд ноогдох ашгийг төр рүү төвлөрүүлбэл компани бодитойгоор төлбөрийн чадваргүй болох эрсдэлтэй байгаа. Ингээд ашгаа хуваарилаад үзэхээр 1 их наяд орчим төгрөг болно. Үүнийг энгийн математикаар хуваагаад тооцохоор нэг иргэнд 233 мянган төгрөг ноогдож байгаа юм." гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудал Компанийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд компанийн ТУЗ хуулийн хугацаандаа хуралдаж, санхүүгийн тайлан аудитаар батлагдсаны дараа тодорхой шийдвэр гарах юм байна.

Тус компанийн гаргасан нийт хувьцааны 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” компани, 18.5 хувийг нь 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн, 0.06 хувийг үндэсний 486 аж ахуйн нэгж тус тус эзэмшдэг байна.

эх сурвалж: zindaa.mn