ТӨРИЙН ТАХИЛГАТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН

ФОТО
2024/01/18 20:42
Зураг

Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэдэг. Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагддаг ажээ. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуур нь найман бэлгэдлийг агуулдаг.  Бакула Ренбучи нэгэн удаа Отгонтэнгэр хайрханыг нисдэг тэргээр тойрч хараад миний буух газар биш байна. Бурхадын суудалтай газар байна буц хэмээж байжээ.


Отгонтэнгэр хайрханы тухай домгийг хүргэе. Эрт урьд цагт Богд Дүнжингарав одоогийнхоосоо огт өөр уул байсан гэнэ. Мөсөн дуудлагт орой нь хөх тэнгэр баганадсан, цасан мөнгөн цээжнээс нь доохнуур үүл хоноглон уур савассан, түүнээс дооших биеийг ногоон ой хучсан үзэсгэлэнт уул байжээ. Чингэтэл хангай нутгийн баруун говь ус чийгээр дутагдаж ган гачигт нэрвэгджээ. Хүн амьтныг ган гачгаас аврах нэгэн их бяртай эр тэнд төржээ. Тэр хүдэр эр Богд Дүнжингаравыг зорин ирж тэхий дундуур нь оосорлож үүрээд бостол цээжин бие нь тасраад ирж. Тэгэхлээр нь: Дургүй бөгс нь эндээ үлдэг. Дуртай цээжийг нь аваад явья гээд үүрээд явжээ. Яван явсаар Хангай нуруун дээр аваачин тавьсан гэнэ. Тэгээд Богд Дүнжингарав уулын мөнх цагаан орой Хангай нурууны ноён оргил Отгон тэнгэр Богд Очирваань гэсэн нэртэй болж мөнх цэвдэг дэх уулын цас мөс хайлж ар өвөр хоёроос нь Богд, Завхан гол баруун говьруу урсаж ган гачигийг тайлсан гэдэг.

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.

Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулын нэг бөгөөд тахилгатай уулынх нь хувьд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ.