"Нас зөв, нар зөв явах"-ын үргэлжлэл...

ӨНӨӨДӨР
2024/01/19 09:58
Зураг
Өчигдөр Монгол улсын Засгийн газар хуралдаж туулай жилийн Улсын аварга малчин өрх, аварга саальчин, аварга тариаланч фермерүүдээ шалгаруулж баталгаажуулснаар үндэсний баяр- цагаан сард бэлтгэх төр, түмний бэлтгэл нэгэнт эхэлснийг зарлалаа...Хан буурал Тарвагатайн нурууг арлаж, хатан цэнхэр Булнайн нурууг өвөрлөж, Идэр их мөрний ай савд буянт малаа адгуулан сууж, цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрээгүй, цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт өв соёл гал голомтоо залгуулан яваа Их-уулсын орны язгуурын малчин түмний дундаас Улсын аварга малчин өрх төржээ. Луу жилийн босгон дээр Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Сандагийн Ууганбаатар түүний гэр бүл угаас удмын дээдсийн улбаатай малчин хүмүүс. Өрхийн тэргүүн Сандагийн Ууганбаатарын өвөө Хуягтын эхний Нарт, Сангийн далайгаар нутагтай ач Хариад овгийн Батын Чүлтэмдагва /Чүлтээ/ гэж малч, хөдөлмөрч, амьдралын хар ухаанд тэгширсэн, нутаг орон, хаяа хатавчныхандаа нөмөр нөөлөгтэй, сонин содон намтар бүхий тухайн цаг үеийн МАХН-ы гишүүн, Жаргалант нэгдлийн үхэр суурийн ахлагчаар олон жил ажилласан нэгэн байв. Сум нийлсний дараах үеийн шинэ Их-Уул сумынхны дунд хурдан морь уяж хурдлуулах эрдэмд төгсөрсөн толгой уяач хүлэгчдийн нэг байсан юм. Чүлтээ гуайн гэр бүл Жавзан гэж ааш зан, хоол ундтай,ноён нуруутай бас л ажилч хөдөлмөрч малч нэгэн байв. Ууганбаатарын аав Сандаг 2015 онд Аймгийн аварга малчин цол хүртэж явсан бас л малч, ажилч хичээнгүй ахмадуудын нэг.

Сонирхолтой нь 2015 оны хавар аав Сандаг нь Завхан аймгийн аварга малчин болж байсан бол хүү Ууганбаатар нь Их-Уул сумын аварга малчин болж байсан бахархам түүхийг эдний гэр бүлийнхэн бүтээсэн. Улсын аварга өрхийн гэрийн эзэгтэй "галын бурхан" нь Бургастын Дайртан овгийн Тогтохын Батсуурь буюу Суурь гуайн отгон охин Отгонбаяр. Суурь гуай гэж шулуун шударга, эршүүд, ажилд эрэмгий, хөдөлмөрч дайчин хүн байсан тухай түрүү үеийн өвгөчүүд хуучилдаг. Суурь гуайн хөгшин Лхамрагчаа /Аргиа гуай/ гэж Хужиртын Даазай /Данзан/ гуайн охин. Ааш зан сайхан, ажилч хичээнгүй, цэвэрч цэмцгэр энэ буянтай буурал эдүгээ 90 насны сүүдэр зэрэгцээд энх тунх сууж байна.
Сайн муу нийлж сав дүүрдэг нь орчлонгийн жам. Сандагийн Ууганбаатарын өвөө Чүлтээ гуай өмнөх цагийн "төр нийгэм"ийн үед амины малаа өсгөсөн "хэргээр" хуулийн хариуцлага хүлээж явсан нэгэн. Өөрөөр хэлбэл малч, ажилч, хөдөлмөрчийнхөө төлөө, малаа өсгөж тоо толгойг нь нэмэгдүүлснийхээ төлөө тэр "буруутан болсон юм". Монголын бүх малчин өрхийн малыг 1956-1959 онд албадан нийгэмчилж авснаас хойш 1990-ээд оныг хүртэл нэг малчин өрхийн амины малын тоо хангайн бүсэд 50 толгой, говийн бүсэд 75 толгойгоос хэтрүүлж болохгүй хатуу чанд хуулийн заалттай байв. Өсч үрждэг мал, малчин удамт монголчууд түүний дотор ажилч хичээнгүй хөдөлмөрч малчин өрхүүдийн хувьд энэ нь томоохон дарамт бэрхшээл болж 50 толгойгоос давсан малаа бусдын нэр дээр тоолуулах, бүр насанд хүрээгүй хүүхдээ "өрх босгуулж" нэр дээр нь тоолуулах, бүр болохгүй бол тооноос "малаа дарах" зэрэг үйлдэл гаргаж байсан нь саяхны түүхийн бодит үнэн. Энэ үйлдлүүд нь нөгөө талаас малчин өрхийн малын тоо толгойг хязгаарлах бодлого шийдвэрийн эсрэг малчдын маань аргаа барсан "тэмцлийн хэлбэрүүд" байсан юм. Ажилч хичээнгүй малч удмын ахмадууд цаг үеийн ийм зовлонтой тулсан, бас "туулсан" нь үнэн.

Дээр өгүүлснээр Чүлтээ гуай Их-Уул нутгийн урдаа барих уяач хүлэгчдийн нэг байсан юм. Жил жилийн сумын наадам эхлэхийн урд өдөр Хуягт, Сангийн далайн уяачдын гал сумын төвийн хойт Ихрийн дөрөлж давж ирэн отоглоно. Их морьд хөдлөхийн өмнөх шөнө буюу ганцхан шөнийн дотор л уясан мориныхоо бүх засал, уяаны ажлыг төгс амжуулдаг нэгэн байсан гэдэг. Их-уулын наадмын их морьдын зурхайгаас Чүлтээгийн хар саарал, Чүлтээгийн бор, Чүлтээгийн хул зэрэг тухайн цаг үеийн домогт хүлгүүд гарч тэр үеийн Тосон, Цагаан-Уул, Цэцэрлэгийн Батбаяр гуай, Дагвадорж гуай, Михай гуай зэрэг уяачдын хурдан буянуудтай хурд хүчээ сорьж түмэн эх болж айраг түрүү хүртэж явсан олон арван наадмын хууч бий. 1985 онд болсон Жаргалант нэгдлийн 30 жилийн ойн баяр наадамд бор морио түрүүлгэж, хул морь нь айрагдаж өвгөн уяач түрүүлж ирсэн хул морио Жаргалант нэгдэлдээ бэлэглэж байсан сайхан түүх үлдсэн байдаг. ...Өвөөгийн нь үйл хэрэг үнэн бөгөөд зөв байсны "буяны мөр" өнөөдөр ачид нь ийн ирж байгаа бололтой.
Өнөөдрийн Улсын аварга малчин өрхийн тэргүүн Ууганбаатар 1978 оны морь жилтэй. Ууганбаатарыг цэрэгт явдаг 1996 оны зуны эхэн сард өвөө аав нь буюу Чүлтээ гуай эртнээс нааш эцэг өвгөдийн тайж тахиж ирсэн гэдэг Цог-Өндөрийн овоон дээр айл саахалт, ус голынхоо үе тэнгийн голдуу 10 гаран залуусыг дагуулан гарч овоонд идээ будаа өргөн арц хүж уугиулж, цэрэгт явж буй ач хүүгийнхээ халимаг үсийг хүний газар авахуулахгүй,нутаг оронд нь өөрийнхөө гараар авна хэмээн үсийг нь хусч түүгээр барахгүй тэнд цуг байсан 13-14 залуусыг барилдуулан овооны бэлд бууж ирээд унаж явсан морьдыг нь уралдуулж 10,20,50 төгрөгөөр байлж байсан тухай нутгийн хүмүүс одоог хүртэл хуучилдаг. Монгол ухаантай, алсын хараатай, амьдрал хэмээх шатрын хөлөг дээр шалж, бас шалуулж амьдарч, тэмцэж, хөдөлмөрлөж явсан ийм л өвөг дээдсийн үргэлжлэл юм өнөөдрийн энэ Улсын аварга малчин өрхийн гэр бүл... Томруулж хэлбэл Төв Азийн нүүдэлчдийн өв соёлыг, өмчилж өөриймшүүлж хэлбэл үндэсний онцлог, ондоошлыг тээж "агуулж" яваа малчин түмний эгэл нэг өрх бүл юм.

... Туулай жилийн өвлийн адаг сарын шинийн 7-ны өдөр Улсын нийслэл хотноо Монгол төрийн ордонд Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн малчин Сандагийн Ууганбаатарын гэр бүлийг "Монгол улсын аварга малчин өрх"-өөр шалгаруулж ёсчлон батламжлав. Энэ цаг дор тэдний гэр бүл төрөлх сум орон, төрсөн өвөлжөө бууцнаасаа 400-гаад км-ын алсад Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг Халхан-Булнайн уулс, Ариг усны сав газарт алсын оторт оччихсон уулсаас уулсын өвөр дамжин хүн малын нөмөр, хөр цасны нимгэн, өвсний толгодыг даган нүүдэллэж явна. Удахгүй Монгол түмний энх мэндийн баяр цагаан сар болсноор эх нутагт нь цас ханзарч, яргуй цухуйн хаврын урь орж, Улсын аварга малчин өрх тэргүүт олон олон отрын галын хүн малын толгой нутгийн зүг эргэх болно.