Отгонтэнгэрийн УТХГ-т 200 кг хужир тавьжээ

ФОТО
2024/01/19 15:11
Зураг

Отгонтэнгэрийн Улсын Тусгай Хамгаалалттай Газарт биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ. Тодруулбал, Идэр сумын Ямаат хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт шалгалт хийж, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэв. 

Отгонтэнгэрийн УТХГ-т одоогийн байдлаар цасны зузаан тал газартаа 30 см, ойн модонд 60 см орчим болж ойн туруутан амьтдын өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

Ойн туруутан амьтдад зориулж Ямаатын Алаг хад, Үстийн дэнж зэрэг газарт 200 кг хужир тавилаа.

Уг хоёр цэгт биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх хугацаанд таван байршилд 44 бүл согоо, 8 байршилд 10 буга, 2 бор гөрөөс бүртгэгдлээ.

2023 оны зун ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хоёр байршилд хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулсан байсныг авч үр дүнг гарган ажиллалаа.

Камерт халиун буга, бор гөрөөс, чоно, согоо зэрэг ан амьтны дүрс бичигдсэн байна.

Энэ хугацаанд Ямаат хэсгийн, Сонгинот, Сайхан дэнж, Үстийн нуур, Балчгар, Цуурай, Тангадын хавчиг, Хөшөөтийн ам, Чавганц, Ямаатын Алаг хад зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийж, дөрвөн иргэнд ТХГН-ын талаар болон ойн амьтдыг бэлчээр нутгаар шахахгүй, амьтдын амьдрах орчныг тэтгэх талаар заавар зөвлөгөө өглөө гэж БОАЖЯ-наас мэдээллээ.