Ш.Батболд: Кинонд дуу оруулж, дүрдээ орох үед дэлхийн өнцөг булан бүрт очсон мэт болдог

ИНДЭР
2024/01/21 11:36
Зураг

Бид жаахан байхаасаа л өвлийн өвөөд хүслээ шивнэж, өвлийн өвөөгөөс ууттай бэлэг авахыг мөрөөдөн, хөөр баяраар дүүрэн жаргалтайгаар шинэ оноо угтдаг байсан сан. Одоо ч бидний үрсүүд энэ гайхалтай баярт хором мөч бүрт дуртай болж, алим мандарины үнэр сэнхийх шинэ жилийн шинэ оны  баяраа догдлон хүлээж байна. Бид энэ удаагийн дугаартаа айл бүрийн хойморт аз жаргал авчирдаг, хүүхэд бүрийн хайртай өвлийн өвөө МҮОНРТ-ийн Кино албаны орчуулгын киноны дуу оруулагч, МУСТА Ш.Батболдыг Редакцын зочин буландаа урьж оролцууллаа.
-Та өөрийгөө танилцуулаач
-Сайн байна уу намайг Ш.Батболд гэдэг. Хөвсгөл аймгийн Галт сумынх. 2003-2007 онд Соёл урлагийн их сургуулийн найруулагч жүжигчний ангийг төгсөөд UBS телевизэд хоёр жил ажиллаж байгаад үндэсний телевизийн кино албанд орж ирээд, одоо арван дөрөв дэх жилдээ орчуулгын киноны дуу оруулагчаар  ажиллаж байна.

-Уран бүтээлч байхын сайхан нь юу вэ? Телевизийн ажил цаг наргүй байдаг.Таны хувьд чөлөөт цагаараа юу хийх сонирхолтой вэ?
-Уран бүтээлч урлагийн хүн гэдэг нь дотроо олон янз байдаг шүү дээ. Дуучин, бүжигчин, хөгжимчин, телевизийг сэтгүүлч, тэр дундаа би өөрөө бол орчуулгын киноны дуу оруулагчаар ажиллаж байгаа маань миний хүүхэд байхаасаа л дурлаж, энэ одоо ямар хүмүүс дуу оруулдгийн бол доо гэсэн бодол минь яагаад ч юм дөрөвдүгээр курст шалгуулж эхэлсэн үеэс би энэ мэргэжилдээ дуртай хайртай энэ мэргэжлээрээ амьдарч амьсгалж байна. Мэргэжил бүхэн сайхан манай мэргэжил бусдаас илүү хамгийн гайхамшигтай нь юу вэ гэхээр зарим өдрүүдэд стресстэй байсан ч баяртай гунигтай байсан ч өглөө ирээд л бид студидээ ороод дууны найруулагч “-Анхаар, эхэллээ” гээд л киноны эхлэл явахад чихэвчээрээ сонсоно, орчуулгаа харна, урд киноныхоо дүрстэй тааруулна хажуугийн хүнээ мэдэрнэ, дүрдээ орно гээд асар олон мэдрэмж зэрэг ажиллаж байдаг учраас гадна талын амьдралын бүх л асуудал байхгүй болдог. Тэгээд бид нар зөвхөн тэр өдөр тэр киногоороо тэр дүрээрээ амьдарч эхэлдэг. Бас нэг гоё зүйл нь кинондоо дуу оруулаад л дүрдээ ороод явж байхад дэлхийн өнцөг булан бүрд очиж үзсэнтэй адилхан гайхамшигтай гоё хотууд дэлхийн долоон гайхамшгаар бид өдөр бүр аялж байдаг гэж хэлж болно.
-Өдөрт хэдэн киноны дүрүүдтэй ажилладаг вэ? Кинондоо дуу оруулахдаа хэр кайфтэй ажилладаг вэ?
-Мэдээж зуун хувийн кайфтэй ажилладаг. Мэргэжлээрээ дагнан ажиллаад, амьдрал зуршил бүх зүйл болж байна шүү дээ. Өдөрт бол ерөнхийдөө бүрэн хэмжээний уран сайхны кино гэвэл нэгээс, хоёр кино цуврал, нэгээс гурван анги ч юмуу, ажлын ачаалал орчуулагч нарын орчуулж өгч байгаа ачаалал зэргээс дууны найруулагчийн долоо хоногийн арван дөрвөн хоногийн хуваарь гээд гарна. Ажлын ачаалал маань жигдхэн явж байгаа нөхцөлд бол гайгүй.
-Кинонд дуу оруулагчид олны өмнө ил гарч жүжиглэхгүй ч гэсэн кино уран бүтээлээрээ үзэгчдээс үнэлгээ авдаг шүү дээ. Гадуур явахад таны хоолойг хүмүүс хэр таньдаг вэ? Ер нь сонирхолтой тохиолдол гарч байсан уу?
-Байнга тохиолдоно. Бид нар чинь алтан үеийнхнийхээ ах эгч нараасаа суралцаад, өнөөдрийг хүртэл  кинонд дуу оруулагчаар суралцаад л явж байна. Монголын үндэсний олон нийтийн радио  телевизийн маань киног үзэгч нар бид бүхнийг үзээд хоногшчихсон байдаг. Бараг л нэг лифт рүү ороод л нэг хүн таван давхарт гарч байхад, гурав дээр дарчих үед  “хүүе телевизийн хүн байна гээд л. Өмнө нь бол харьцангуй жүжигчид, дуу оруулагчид далд фронтод ажилладаг байсан. Одоо бол тэр цаг үе өнгөрчихсөн байна. Уран бүтээлч байхын сайхан нь бахархаж омогших зүйл нь тэр шүү дээ. Гадуур ажлаар явж байхад  жүжигчин байна та бас дуу оруулдаг байхаа гэх зэргээр танайхан гоё шүү, гоё дуу оруулдаг шүү, гоё хоолойтой гэх мэтээр энэ сайхан телевизээрээ овоглодгоороо бахархдаг.
-Сэтгэлд хоногшсон сайхан киноны ямар дүр байна вэ?
- Маш их байна. Энэ дундаас хамгийн онцгой нь “Амьдралын хүрд” гээд манай алтан үеийнхэн хүмүүс мэдэж байгаа байх. Лоппи дээ Лорри гээд тэр киног сэргээж оруулахад би дээрэмчний дүрд дуу оруулж байсан. Ер нь уран бүтээлүүдийнхээ дотор нь орж байж жинхэнэ уран бүтээл төрдөг.
-Мэргэжлийн кинонд дуу оруулагчийн  хувьд дуу оруулагчдын тоог нэмэгдүүлэх талаар ямар бодолтой явдаг вэ?
-Энэ бол маш эмзэглэж явдаг асуудлын нэг байгаа. Бид нарт залуу арван наймаас хорин тав насны залуу дуу оруулагчид хэрэгтэй байна. Урлагийн сургуулиудаас хэзээ ч хамаагүй хүрч ирээд, дадлагажиж, суралцаад, дуу оруулагч болооч гэхээр ирээд хоёр гурван сар болж байгаад л тэгээд л орхигдуулчихдаг. Ромёо хоолой гэж ярьдаг юм. Тиймээс залуу хоолой хэрэгтэй байдаг. "Титаник" киногоор жишээ авахад, гол дүрийн Жэкэд дуу оруулах гэхлээр бид нарын хоолой бас хөгшиднө. Яг тийм залуу хоолой хэрэгтэй. Одоогийн хүүхдүүд төгсөөд, уран сайхны кинонд тоглоод л сошиалаар контент хийгээд амархан од болох тийм хүсэл мөрөөдөлтэй болчихсон. Бид нарыг залуу байхад зургаан сар, жил дагалдаж ах эгч нараараа загнуулж байж өдий зэрэгт хүрсэн. Одоо ч бид суралцаад явж байна.
-Одоо ер нь хэдэн дуу оруулагчид байна вэ?
-Монголдоо хамгийн олон дуу оруулагчтай нь манайх байна. Гурван эмэгтэй, таван эрэгтэй дуу оруулагчтай ажиллаж байна
.
-Өвлийн улиралд хоолой өвдөх, даарах тохиолдол, их гардаг шүү дээ. Телевизийн дуу оруулагч, жүжигчид, хоолойгоо хэрхэн бэлддэг вэ?
-Хувь хүмүүс өөрсдөө л хоолойгоо яаж арчилна. Түүнээс өдөр болгоны ажил учраас даарах, хөрөх, халуун, хүйтэн юм уух зэргээр бүгдийг нь зохицуулна. Кинонд дуу оруулах нь багийн ажил учраас өвдөхгүй ажлаа зохицуулаад, ажлаа таслахгүй, ийш тийшээ явахаар бол маш сайн төлөвлөж байж, ажилладаг даа.
- Шинэ залуу үеийнхэндээ хандаж юу гэж зөвлөх вэ?
-Мянга сонсохоор нэг үз гэдэг. Өөрөөсөө дээшээ ахмад үеэсээ сайн асууж, сураглаж мэдэхгүй зүйлээ мэдэж байх хэрэгтэй. Сонсох биш, нүдээрээ үзэх, бид мэдээ мэдээллийн эрин зуунд эрх чөлөөтэй амьдарч байна. Тэгэхээр залуу хүмүүс бусдыг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлнэ, аливаа юманд тууштай хандлагатай байх хэрэгтэй. Зорилготой байх хэрэгтэй. Хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдөл болгон заавал биелдэг. Эрэл хайгуулч байхад л болно гэж боддог.
-Таны хувьд өвлийн өвгөн болоход хөгжилтэй зүйл хэр тохиолдож байсан бэ?
-Хамаатынхаа жаахан хүүхдүүдийн дунд өвлийн өвгөн болж байхад намайг тэр хүүхдүүд жинхэнээсээ өвлийн өвөө гээд итгэж байгаа нь мэдээж надад сайхан. Өө аав байна ш дээ ах байна ш дээ таньчихаар / инээв/ утгагүй болчих учраас бага хүүхдүүдэд  бэлэг өгөөд л хууртахгүй учраас арай том хүүхдүүдийг баярлуулдаг байгаа.
-Түүхэн кинонд дуу оруулах хүүхэлдэй кинонд дуу оруулах нь мэдээж ялгаатай  байдаг байх. Хоолойныхоо өнгийг яаж зохицуулдаг вэ?
-Дуу оруулагч жүжигчид цаад дүрээ л дуурайж явдаг. Баатар эр байвал эрэмгий зоригтой шийдэмгий дуугарна. Хулчгар хүн байвал өөрөөсөө гарч байгаа характер дуу хоолойны өнгөө өөрчлөх цаад дүрээ дагаж явдаг болохоор дуу оруулалтын тал дээр уран сайхны хүүхэлдэйн кинонд дуу оруулж байна уу, аварга том баатар эрд дуу оруулж байна уу, жүжигчний өөрийн мэдрэмж цаад дүрээ дагадаг даа.

- Одоогоор та ямар уран бүтээл дээр төвлөрч ажиллаж байна вэ?
-Арванхоёрдугаар сар бол урлагийнхны хувьд сайхан сар байдаг. Олон олон байгууллагуудын шинэ жилийн арга хэмжээнд оролцоно, хөтөлж явуулна. Бид нарт итгэж үйл ажиллагаагаа даатгаж байгаа газрууддаа аль болох тав зургаан цагийн арга хэмжээг нь сайхан хөтөлчих хэрэгтэй гэж бодож ажилладаг. Хөтлөлт байхгүй өдрөө өвлийн өвгөн болж, бэлэг сэлтээ өгч, ерөөлийн үгээ хэлнэ.  Манай албаныхан олон зүйл рүү хөрвөж бүх төрөлд өөрсдийгөө сорихыг хичээдэг дээ.
- Өвлийн өвөө бол хүн бүрийн зүрх сэтгэлд оршдог. Хэзээнээс эхэлж та өвлийн өвөөгөөр ажиллаж эхэлсэн бэ?
-Өвлийн өвөөгөөр ажиллаад арваад жил болж байна. Анх хөтлөгч хийдэггүй байхдаа хүртэл оюутан байхдаа  өвлийн өвгөний хувцас олоод л хүүхдүүд баярлуулаад явдаг байсан.
-Он солигдох торгон мөчид хэдэн айлд очиж баяр дээр нь баяр нэмдэг вэ?
-Захиалгууд их орж ирнэ. Ах дүү, хамаатан садангаараа цуглаад монгол өвлийн өвөөгөө  урина. Гэрт нь очоод, хүүхдүүдийг баярлуулах нь их сайхан байдаг даа. Ер нь ажиглаад байхад, хүмүүс сүүлийн үед ах, дүү, хамаатан садангаараа ресторанд шинэ жилийн баяраа тэмдэглэж байна. Нэг байрнаас, нэг байранд, лифтэнд орох гэх мэтээр хүүхдүүд  их тааралдана, жижигхэн жижигхэн бэлэг бэлдээд авч явдаг даа. Цаг үе биднээс их хурд шаардаж байна. Өмнө нь сахлаа наахаас авхуулаад асуудал болдог байсан бол одоо бол сахлыг углаад л зүүдэг болж байна. Өвлийн өвгөний хувцсаа сольж өмсөхөд нэг минутын л хугацаа шаарддаг болсон.

Нийтэлсэн: Т.Урангуа