МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН БАЙНА

ӨНӨӨДӨР
2024/02/05 14:27
Зураг

Залуухан хосууд хорвоод мэндлээд хоёр ой дөнгөж хүрч байсан нялх үрийнхээ цогцсыг тэврээд эмнэлгээс гашуудан гарч байлаа. Эвий, тэр жаахан үр хар хөшиг адил манантсан хотын утаанаас болж ханиад нь  хүндэрч, уушгины хатгалгаа болоод нартаас үүрд явсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байлаа. Эмнэлгүүдийн шалаар нэг зулж хэвтсэн хүүхдүүдээс хэд нь талийгаач хүүгийн араас одохыг мэдэхгүй. Ийм эмгэнэлт хувь тавиланг ямар олон гэр бүл Улаанбаатарын хүхэр нэвт шингэсэн хорт утаат өвлөөр амсаж, хагацлын гашууныг дааж ядан зовж байгаа гэж санана. Ийм хорт утаанд энхрий нялх хүүхдүүд өвдөхгүй гээд яах ч билээ. Тэр чигтээ хороор амьсгалж байна шүү дээ, бид. Улстөрчид нь  “Бид одоо л Улаанбаатарын утааг ялж байна. Та бүхэн энэ бодлогын туршилтыг дэмжчих” гээд л хэдэн тэрбум төгрөгийн төсөвтэй төсөл хэдэн арваар нь, хэчнээн он дамжуулан хэрэгжлүүллээ. Эцэст нь, Улаанбаатарын утаа улам бүр өтгөрч, түүхий нүүрс түлж байснаасаа дор үхлийн хөндий болчихлоо. Өнөөдөр Монгол төрийн үйлдвэрлэж байгаа утаагүй шахмал түлш гэгчид монголчууд хэдэн зуугаараа угаартаад хонож байна. Аз нь байвал эмнэлгийн сэхээний тасаг руу, азгүйтвэл цогцос болчихоод моорог руу ачигдах хувь тавиланг өглөө бүр үзэж байна. 

          Утаагүй түлш олон айлыг өнчрүүлж, айдаст автуулж байна. “Хэрэв бид хөөтэй ч гэсэн түүхий нүүрсээ түлээд сууж байсан бол миний аав, ээж, хүү, охин амьд байх байсан” гэх бололд хэчнээн хүн өөрсдийгөө дөнгөлж, гэр хорооллын хаа нэгтээ халаглаж, айдас, түгшүүрт дарагдаж, сайжруулсан түлш гэхээс дагжин чичирч, даарч суугаа бол. Харамсал, харуусал дүүрэн ийм шархиралтыг хэчнээн айл мэдэрсэн бол гэхээс ч зүрх зүсэгдэж байна. Ийм эмгэнэлтэй зовлонг ирээдүйд хэдэн айл үүрч, угаарын хортой хийд хучигдаж, амьдрал нь дуусах бол гэхээс ч бэргэж байна.

         Сайжруулсан шахмал түлж эхэлснээс хойш буюу утаагүй болсон гэх сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хугацаанд улсын хэмжээнд 7857 хүн угаартаж, 150 хүн амиа алдсан гэх тоон мэдээллийг албаны эх сурвалжууд өгөв. Амьд үлдсэн хүмүүсийн хэд нь хөгжлийн бэрхшээлтэй, хүний асаргаанд байгаа нь тодорхойгүй байна. Энэ бол аюулын харангын чанга хэрнээ хатуу дуут дохио. Онц байдал зарлах хэмжээний онц аюултай үзэгдэл. Улаан гэрэл унтрахгүй асаж, түгшүүрийн дуу тасралтгүй чарлаж, ард түмний чихний хэнгэрэг, уушгийг “цоолж” байна. Харин утаанаас ангижуулах бодлого тодорхойлох, улсыг удирдаж байгаа эрх мэдэлтнүүдэд л энэ дуу сонсогдохгүй байгаа нь энэ цагийн утаанаас ч хортой гамшиг болчихоод байна. 

Амиа алдсан хүний тоо 150 гэдэг нь зөвхөн цаасан дээр байгаа тоо гэдгийг энд цохож хэлье. Угаарын хий гэж ангилаагүй химийн хордлого гэх нэгдсэн нэр томъёонд багтаасан олон хүний үхэл “нууц” байж болзошгүй. Иймд бид угаартаж амиа алдсан хүмүүсийн ар гэрээс дараах мэдээллийг авлаа.

УГААРТАЖ АМИА АЛДАГСДЫН АР ГЭР: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ОРЦ, НАЙРЛАГАД ХҮН ХОРДУУЛАХ БОДИС БАЙГАА

1.   2023 оны хоёрдугаар сарын 8. Налайх дүүрэг, 27 настай Ч угаартаж нас барав.

    Талийгаачийн ээж: Хэрэг гарах үед бэр маань өглөө ямар хоол авах вэ. Ажилдаа явахаасаа өмнө хоол аваад очно. 06:00 цагт залгаж сэрээгээрэй” гэж эхнэртээ хэлсэн байна лээ. Тэгээд эхнэр нь 06:00 цагт 150-160 удаа залгаад утсаа авахгүй болохоор нь хажуу айлынхаа эмэгтэй рүү утасдаж харуулснаар, угаартсан гэдгийг нь мэдсэн. Талийгаач гэртээ гурван настай хүү, хөдөөнөөс ирсэн ахтайгаа хамт хоносон. Эмнэлгийнхнийг очиход талийгаачийн бие хөшчихсөн, ах, хүү хоёр нь ухаангүй, хүнд байсан гэсэн. Хүү нь тав, ах нь хоёр хоногийн дараа ухаан орсон. Тэр шөнө 04:30 цагийн үед хүү нь уйлж, талийгаач босож ширэглээд унтсан байгаа юм. Тэр үед ямар ч утаа униар үнэртээгүй, гэр нь сэрүүхэн байсан гэсэн. Тооноор нь агаар хангалттай орж, чөлөөтэй амьсгалж байхад угаартаад нас барчихсанд үнэхээр харамсаж байна. Бидний бодлоор сайшруулсан шахмал түлшнээс л ямар нэг хортой зүйл ууршиж, уугисан байх. Иргэд туршилтад орж, амиа алдаж байхад хууль, хяналтынхан сайжруулсан түлшийг шинжлүүлэхгүй, шинжилсэн ч хариу нь зүгээр гэж гарч байгаад эргэлзэж, гомдож байна.

2.  2023 оны есдүгээр сарын 27. Баянзүрх дүүрэг, 33 настай эмэгтэй 6-14 настай гурван хүүхэдтэйгээ угаартаж нас барав.

           Талийгаачийн эгч: Сайжруулсан гэх хортой түлш дөрвөн дүүгийн минь амийг ганц шөнийн дотор авчихлаа. 33-хан настай дүү минь 14 настай эрэгтэй, 10 настай эмэгтэй, зургаан настай эрэгтэй хүүхэдтэйгээ хамт угаартаж, амиа алдсанд итгэж чадахгүй байна. Хэрэг гарах үед нөхөр нь орон нутаг руу ажлаар явчихсан, дөрвүүлээ гэртээ үлдсэн байсан. Яндангийнхаа хаалтыг хаалгүй, цонхоор нь агаар орж байсан. Гэвч тэд угаартаж амиа алдсан. Гол нь юунаас болж угаартав, үхтэлээ хордов гэдэг л байна. Тэр шөнө түлсэн нүүрсийг нь шинжилгээнд явуулсан. Хариу нь удаж байж гардаг гэж байна.

3. 2023 оны тавдугаар сарын 31. Сонгинохайрхан дүүрэг, 46 настай эмэгтэй угаартаж, нас барав.

       Талийгаачийн хүү: Ажил хийж байгаад шөнийн 03:00 цагийн үед гэртээ ирсэн. Намайг ирэхэд өрх бүтээлттэй, ээж, дүү хоёр учиргүй хурхираад унтаж байсан. Гэр дулаахан, ямар ч утаа, угаар үнэртээгүй. Би гэрийнхээ өрхийг хойшлуулчихаад унтахаар хэвтсэн. Хэвтээд удаагүй гэнэт толгой эргээд, гэдэс хүчтэй базлаад явчихсан. Босоод гарах гээд алхаж байтал дөрвөн мөч мэдээгүй болоод, хаалгаар гараад л ухаан алдаад унасан. Нэг сэрсэн чинь гэрийнхээ довжоон дээр хэвтэж байсан. Босоод ор руугаа явж байтал ээжийн цаад талд унтаж байсан дүү минь сонин дуугараад байсан. Гэрлээ асаагаад хартал амнаас нь цагаан хөөс сахраад, татчихсан байдалтай байсан. Тэгээд ээжийг дуудаад “Ээж ээ, дүү татаад байна” гээд хашхирсан чинь сэрээгүй, бие нь хөрчихсөн байсан. Ээж минь нас барж, дүү минь эмнэлэгт ухаангүй байна.

4. 2023 оны тавдугаар сарын 30. Баянгол дүүрэг, 30-33 настай гэр бүлийн хоёр таван настай хүүтэйгээ нас барав.

      Талийгаачийн ээж: Хүү, бэр хоёр минь хүүгийнхээ төгсөлтийн баяраас хамт ирсэн. Би галыг нь түлээд, гэрийг нь дулаацуулчихсан байсан. Бэр маань бороонд нороод их даарсан байдалтай орж ирсэн. Тэгээд маргааш нь буюу тавдугаар сарын 31-нд гурвуулаа гэртээ амарна гэж хэлсэн. Өглөө босоод гэрийнх нь хаалгыг татсан ч дотроосоо цоожтой, онгойлгоогүй. Амарна гэж ярьж байсан болохоор нь “Жаахан унтаж аваг” гэж бодоод дахиж хаалгыг нь татаагүй. Үд болоход чимээ аниргүй болохоор нь утас руу нь залгасан. Утсаа авахгүй  болохоор нь гэрийнх нь хаалган дээр очиж, зөндөө дуудсан. Арга ядаад ач хүүгээ тооноор оруулаад, хаалгыг нь онгойлгуулсан. Хаалга онгойход л тийм аймшигтай зүйл угтсан учраас ухаан маань балартсан байна лээ. Тэгээд ах, дүү нар руугаа хэлж, 103, 102-т дуудлага өгүүлсэн. Түргэнийхэн тусламж үзүүлэх боломжгүй болсон байна гээд явсан. Харин бусад албаныхан үлдэж, шүүх шинжилгээ хийж, түлсэн түлшнээс нь дээж авсан. Хортой түлшинд гурван хүнээ хордуулаад алдчихсан учраас гомдолтой байна. Түлсэн түлшийг нь шинжлээд, тогтооно гэсэн.

5. 2020 оны аравдугаар сарын 2. Баянзүрх дүүрэг, таван настай хүү угаартаж амиа алдав.

       Талийгаачийн ээж: Хэрэг гардаг өдрийн 16:00 цагийн үед би бага охиноо аваад эмнэлэгт хэвтсэн. Талийгаач хүүтэй минь хамт нөхрийн дүү байсан. Эмнэлэгт ирснээс хойш тэр хоёр утсаа огт аваагүй. Арга ядаад дүүгээ ажлаас нь чөлөө авахуулаад, “Гэрт очиж хүүг минь хар” гээд явуулсан. Ядаж байхад түгжрэл их байсан болохоор миний дүү автобуснаас буугаад гүйсээр манайд очсон байна лээ. Очиход нь буюу 20:40 цагийн үед ийм аймшигтай хэрэг болчихсон байсан. Тэгээд над руу хэл дуулгаж, намайг гэрийн гадаа очиход онцгой, цагдаа, эмнэлгийнхэн ирчихсэн байсан. Хашаа руу огт оруулаагүй болохоор хүүгээ ямар байдалтай байсныг харж чадаагүй. Таван настай хүүгээ алдсандаа маш их харамсаж, гомдож байна. Урьдчилсан байдлаар угаартаж амиа алдсан гэсэн.

        Монголын төр утаагүй түлш үйлдвэрлэж, тэр түлшнээс гарсан утаанд нь 7857 хүн угаартаж, 150 иргэн амиа алдсан эмгэнэл цаашид хэчнээн жил үргэлжлэхийг, хэдэн мянган хүн амиа алдахыг тааж мэдэхгүй нь. Утаагүй гэх түлшинд угаартсан амь болгоноос уучлал эрье. Улсын нийслэлээ утаанаас нь салгах гэж зүтгэхдээ утаагаа биш, ахмадуудаа, идэр насны залуусаа, ирээдүйд хөтлөх үрсээ угаартуулж хөнөөчихөөд сууж байна шүү дээ. Улстөрчид “Улаанбаатар утаагүй болсныг та, бидний уушги гэрчилнэ” гэж уянгалахдаа улсынхаа хамгийн том үнэт баялгийг хэдэн зуугаар нь үнсэнд “булчихаад” сууж байна. Гэр хороололд олон айлын гэр үүрд эзгүй үлдсэн ч, хэчнээн олон амь угаарын хийнд хордож, амиа алдсан ч Улаанбаатар утаанаасаа салсангүй.

Эх сурвалж: Эргэлт сэтгүүл


МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ