Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Түнэл сумаас анх удаа Ж.Уртнасан Улсын аварга саальчнаар тодорч, өнөөдөр шагналаа гардан авлаа.
Түнэл сумын Булаг багийн саальчин Ж.Уртнасан нь мал сүргээ төлөөр нь тогтвортой өсгөн үржүүлж, сүү, цагаан идээний өрхийн үйлдвэрлэл эрхэлж аймаг, суманд зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд идэвх санаачилгатай оролцож, залуу хойч үедээ үлгэр жишээ болж яваа хөдөлмөрч эмэгтэй юм.
Жилийн дөрвөн улиралд бэлчээр сэлгэн нүүж, өвөл, хаврын улиралд үхэр сүргээ нэмэгдэл тэжээлтэй онд оруулснаар төл малын хорогдолгүй бойжуулан нэг үнээнээс саах сүүний гарцыг жилээс жилд нэмэгдүүлсэн байна.
Саалийн хугацаанд нэг үнээнээс 600-750 литр сүү сааж, жил бүр 25-30 үнээ саальд хамруулан 19 000-21 000 литр сүү сааж, цагаан идээ боловсруулан 4,5 сая төгрөгийн борлуулалт хийж өрхийн орлогоо нэмэгдүүлж байна.