"Шинэ үеийн дэд бүтэц"

ФОТО
2024/05/01 16:32
Зураг

Хотжилт. Энэ үг нэг талаас сайхан боловч үүнийг даган бий болсон асуудлуудын талаар бид өдөр бүр л сонсох болсон. Агаар, ус, хөрсний бохирдол, түгжрэл, хогны асуудал, нурсан, эвдэрсэн зам, гүүр гээд л... Бидний өмнө нь бий болгосон дэд бүтэц хотын их хөлийг дааж, дийлэхээ байгаад, шинэ үеийн хэрэгцээ, шаардлагыг хангах шинэ сорилтууд гарч ирсээр байна. Эдгээр сорилтыг хэрхэн даван туулах вэ? Архитекторч, дэд бүтцийн зөвлөх Хиллари Брауны‘’Next Generation Infrastructure” буюу “Шинэ үеийн дэд бүтэц” номоос уг асуултын хариуг эрснээ уншигч тантай хуваалцъя.

2007 оны наймдугаар сарын 1-нд АНУ-ын Миннеаполисын гүүр нурж, тэрүүгээр явж байсан 111 автомашины 17 нь Миссисипи гол руу хаягдсан байдаг. Энэ осол 13 хүний аминд хүрч, 145 хүнийг гэмтээсэн тухай Хиллари Браун номынхоо удиртгалд сануулсан нь учиртай.

Миннеаполисын гүүр нурсан явдал АНУ дэд бүтэцдээ хайнга хандсан, хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй асуудлыг хурцаар сөхөж тавьсан байна.

Шинэ үеийнхний хувьд болхи, “модон” дэд бүтэц хэрэггүй, яг л байгаль мэт олон асуудлыг цогцоор нь шийддэг, үр ашиг өндөртэй дэд бүтцийн шийдэл хэрэгтэй аж. Экологийн шинэ дэд бүтцийг бий болгоход шаардлагатай таван үндсэн зарчим гэвэл:

1.      Дэд бүтцийн систем нь олон зорилготой, тэдгээр нь уялдаа холбоотой;

2.      Хүлэмжийн хий ялгаруулдаггүй (эсвэл маш бага хэмжээгээр ялгаруулдаг);

3.      Дэд бүтэц нь байгальтай зохицож ажилладаг;

4.      Дэд бүтэц нь нийгэмд үр өгөөжтэй, орон нутгийн хүмүүст ээлтэй;

5.      Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сөрсөн, эсвэл зохицсон байх шаардлагатай ажээ.

Эдгээр зарчмыг хэрэгжүүлсэн төслүүдийн тухай мэдээлэл авч, “Шинэ үеийн дэд бүтэц” номыг хуудас хуудсаар нь эргүүлэхэд дэлхийгээр тойрон аялж буй мэт сэтгэгдэл төрөх аж. АНУ-ын Калифорнийн Mount Poso сэргээгдэх эрчим хүчний когенерациас эхлээд БНСУ-ын Сөүлийн борооны ус цэвэршүүлэх систем, Сингапурын Marina Barrage төсөл хүртэлх маш олон жишээгэнэхүү номонд тусгасан байна.

Тухайлбал, Малайзын 1.6 сая хүн амтай Куала Лумпур хотод 2007 онд барьж ашиглалтад оруулсан автомашины туннель замын ачааллыг багасгаж, хотын төв замаар зорчих цагийг 75 хувиар бууруулахад түгжрэл, түүнээс үүдэх агаарын бохирдол ч дагаад саарсан аж. Үүний зэрэгцээ, уг туннель борооны усыг хуримтлуулж, үерийн аюултай хэсгийг хамгаалах үүргийг давхар гүйцэтгэдэг байна. Энэ мэт хоёр асуудлыг давхар шийдсэн нэг төсөл нь эдийн засгийн хувьд илүү үр ашигтай болохыг Хиллари Браун тэмдэглэжээ.

Европт нөөц нь дууссан нүүрсний уурхайнуудыг ашиглан газрын гүнээс цахилгаан, дулаан гаргаж авах тал дээр сүүлийн жилүүдэд нэлээд судалгаа хийсэн байдаг. Үүний үр дүнд Нидерландын Лимбург тосгонд ашиглаж дууссан нүүрсний уурхайн гүний усыг түшиглэн 2008 оноос ойр орчмыг нь дулаанаар хангаж эхэлжээ. Ингэснээр хүлэмжийн хийн жилийн ялгарлыг 1500 тонн буюу 55 хувиар бууруулсан байна. Дэлхий даяар сая гаруй ашиглалтаас гарсан уурхай байгаа бөгөөд тэдгээрийн газрын гүний дулааныг ашиглах боломж байгааг номын зохиогч сануулаад авчээ.

Байгалийн баялаг хэчнээн байгаад ч усгүй бол амьдралгүй. Газрын тосны үйлдвэрлэл түшиглэсэн Саудын Арабын хөгжил, хотжилт Эр-Рияд хотын оршин суугчдын амьдралыг тэтгэгч Вади Ханифа голын сав газрыг сүйтгэсэн байдаг. Үүнээс болж тус хотынхон цэвэр ус импортолдог болжээ. Тэгвэл Вади Ханифаг сэргээн зассанаар хотын оршин суугчдын усны хэрэгцээний гуравны нэгийг хангаад зогсохгүй энэ нь аялал жуулчлал, амралтын үзэсгэлэнт газар болсон байх юм.

Дэд бүтцийн төслүүд, тэр дундаа хог боловсруулах, ус цэвэршүүлэх байгууламжуудын ойр орчим амьдардаг хүмүүс сэтгэл ханамжтай байх нь ховор. Манай цэвэрлэх байгууламж шиг үнэр гаргадаг бол бүр ч хэцүү. Тэгвэл шинэ үеийн ийм байгууламжууд асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар Хиллари Браун мөн цөөнгүй жишээ татжээ.

Хог боловсруулах тал дээр Япон ямар ч улсыг дагуулахгүй хөгжсөн. Хирошимагийн хогноос эрчим хүч гаргах үйлдвэр нь “Хогны музей” гэх тодотголтой болсон байдаг. Учир нь, өдөртөө 400 тонн хог боловсруулж, 20 мянган өрхийг эрчим хүчээр хангадаг “Ecorium” нь үзвэрийн үйлчилгээ давхар үзүүлдэг байна. Жилдээ 200 орчим мянган аялагч энд ирж, шинэ үеийн хог боловсруулах үйл явц ямар болсныг сонирхдог ажээ.

Шинэ үеийн дэд бүтцийн төсөл нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөшүүрэг болж, оршин суугчдад ажлын байр бий болгоод зогсохгүй амарч зугаалах, цагийг сайхан өнгөрөөх газар нь болох шаардлагатай юм байна. Үүний тулд “долоо хэмжиж, нэг огтол” гэдэгчлэн судалж, төлөвлөж, санхүүжилтийн асуудлыг ухаалгаар шийдвэрлэх хэрэгтэй ажээ.

Энэхүү номыг уншаад нэг анхаарал татсан юм гэвэл дэд бүтцийн төслүүдийн удирдамж юм. Хиллари Браун өөрөө өндөр үр ашигтай барилга, дэд бүтцийн удирдамж гаргаж байсан учраас энэ талаар нэлээд дэлгэрэнгүй бичжээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд ийм удирдамж байснаар аль аль талдаа амар, төсөл ч үр ашигтай байхад түлхэц болдог юм байна.

“Харамч хүн хоёр дахин төлдөг” гэж бид ярьдаг. Дэд бүтцээ сайтар төлөвлөж, уялдаа холбоог нь бодолцолгүйгээр хөрөнгө оруулалт хийхээр зарцуулсан мөнгө нь үр ашиггүй болоод, дахиад шинээр хийхээс өөр аргагүйд хүрч ч мэднэ. Шинэ үеийн дэд бүтцийг бий болгоход хөрөнгө мөнгө их шаардлагатай нь тодорхой. Гэхдээ ийм үр ашигтай дэд бүтцийг бий болгосноор дараа нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, нийгэм, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөө нь ч их байх юм.

Дэлхийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахын тулд бид ус, бохир ус, эрчим хүч, хог хаягдал, тээвэр болон харилцаа холбооны дэд бүтцээ байгаль орчинд хор нөлөө багатай байлгах тал дээр бодож, зохицуулж, хөрөнгө оруулах хэрэгтэй ажээ. Хиллари Брауны “Шинэ үеийн дэд бүтэц” номыг хот төлөвлөлт, дэд бүтцийн мэргэжилтнүүдэд онцгойлон санал болгомоор байна.

 

МИГ группийн ерөнхийлөгч Банзрагчийн Түвшин