Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ?

ӨНӨӨДӨР
2024/05/02 09:28
Зураг

     Улсын арслан М.Бадарчид холбогдох арбитрын шүүх хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болсон билээ. Хоёр өдөр үргэлжилсэн тус хуралд М.Бадарч "Миний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан гэх албан бичиг, шийдвэр одоо болтол надад ирээгүй. Надад тавын даваагаа 800 саяар наймаалцчих гэдэг санал ирсэн. Би дотроо тэр хүмүүсийг энэ асуудалтай холбоотой гэж хардаж байгаа. Хүний нэрийг тодорхой дурдмааргүй байна" гэсэн билээ. Мөн Бадарчын бие төлөөлөгч болох С.Шижирбат “М.Бадарчийн хэлсэн үгийг ойлгож ядаад байх юу байна. М.Бадарч хүн гүтгээд худлаа хэлсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ. Тэгвэл тавын даваанд М.Бадарчид унасан Б.Баянмөнх “Намайг гүтгэлээ” гээд цагдаад өг л дөө. 800 саяыг амласан нь үнэн, гэрчтэй юм билээ. Ховдын нэг бөх М.Бадарчийг “Өгчихөөч” гэхээр нь “Үгүй ээ яс үзнэ” гэж хэлэхэд нь “Бид нар юм юмаараа бяртай байгаа шүү дээ” гэж хэлсэн байгаа юм. Үгэн дотор үг гэж, энэ юу гэсэн үг вэ. Чамаас допинг илрүүлж чадна шүү гэсэн утга байна шүү дээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тэгэхээр 2023 оны улсын баяр наадмын тавын даваанд улсын цолгүй дөрвөн бөх гарч ирсэн. Тухайлбал, С.СҮХБАТ, Г.Ганхуяг, Б.Баянмөнх тэргүүтэй бөхчүүдээс М.Бадарч ам авсан гэсэн үг. Бөх сонирхогчид эдгээр бөхчүүдийн хэн нь вэ гэдэг дээр таамга дэвшүүлж байсан. Гэтэл С.Шижирбат Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнх мөн гэдгийг баталж хэллээ. Тэгвэл М.Бадарчид “тавын даваагаа 800 саяар наймаалцчих" хэмээсэн Б.Баянмөнх гэж хэн бэ гэдгийг танилцуулъя.

БҮРНЭЭГИЙН БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ

             Аймгийн хурц арслан Б.Баянмөнх Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат. 1988 оны гуравдугаар сарын 22 нд төрсөн. 2014 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд аймгийн начин Н.Мустафагаар найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Мөн 2019 онд Ховд аймгийн баяр наадамд сумын заан Ц.Төмөрцоожоор найм даван түрүүлж "Хурц" чимэг нэмсэн бөх юм. Тэрбээр улсын баяр наадамд олон жил барилдсан боловч тав даваагүй бөхчүүдийн тоонд зүй ёсоор орно. Мөн Б.Баянмөнх нь улсын баяр наадамд нийт найман зодоглосон бөх юм. 

  • Их Монгол улс байгуулагдсаны 802 жилийн ой, Ардын хувьсгалын 87 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Хандсүрэнгийн Мэндбаярт өвдөг шороодсон.
  • Их Монгол улс байгуулагдсаны 802 жилийн ой, Ардын хувьсгалын 87 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн харцага Чойдоржийн Бүрэнзэвсэгт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2223 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат сумын заан Должинсүрэнгийн Майнбаярыг давж хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат улсын начин Наранцэцэгийн Бүрэнбаатарт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2224 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат сумын заан Мягмарын Нямдоржийг, хоёрын даваанд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат улсын начин Маналсүрэнгийн Эрдэнэбатыг давж гурвын даваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Цэдэвийн Содномдоржид өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат сумын заан Заяахүүгийн Баттөмөрийг, хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат аймгийн заан Батцэнгэлийн Эрдэнэбаярыг тус тус давж гурвын даваанд Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат аймгийн арслан Батбаярын Бат-Амгаланд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2226 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 811 жилийн ой, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дундговь аймгийн Луус сумын харьяат сумын заан Сугирын Лундааг, хоёрын даваанд Өмнөговь аймгийн Булган сумын харьяат улсын начин Баатарын Сумъяаг давж гурвын даваанд Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Өлзийтогтохын Бат-Оршиход өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат сумын заан Амарбаясгалангийн Бат-Эрдэнэ, хоёрын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Лхагвасүрэнгийн Шинэбаатарыг тус тус давж гурвын даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Нэгдэлийн Жаргалбаярт өвдөг шороодсон.

 


Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ