ӨНӨӨДӨР

2025/02/14 14:04
Дэлхийн мэргэжлийн боксын рингэнд энэ цаг үед эх орныхоо нэрийг өндөрт Дэлхийд таниулан тулалдаж байгаа МУГТ Э.Цэндбаатар WBA холбооны Америк тивийн аваргын бүс хамгаалах тулаанаа эх орондоо хийхээр болсныг өмнө нь дуулгасан. Тэгвэл тус тулаан маргааш буюу 2025.02.15-нд ASA Arena-д "Nights of Champions" нэрийн дор зохиогдох гэж байна. Уг тулаан нь Монгол улсад анхдагч буюу эх орондоо анх удаа аваргын бүс хамгаалах тулааныг хүлээн авч буйгаараа онцлогтой. Зөвхөн аваргын бүс хамгаалах тулаанаас гадна Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогт болон Монголын энэ цаг үеийн жин тус бүрийн шилдэг 6 боксчин ОУ-ын чансаа өндөр 6 мэргэжлийн боксчинтой халз тулалдах ба Монгол боксчдын ур чадварыг дэлхийд таниулах чухал үйл явдал болох юм
2025/02/14 10:34
Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн төрийн албан хаагчдыг орон сууцжуулах 2 том бодлого дэвшүүлсэн.  Хөдөө орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх,  Орон нутагт төрийн албан хаагчдыг үе шаттай орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ зорилгоор 2025 онд “Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөр, 1-р үе шатыг аймаг, сумдад хэрэгжүүлэх”-ээр болсон. Төсөв нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцад батлагдсан. Саяхан Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын тушаал гарч Завхан аймгийн дараах 3 суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц барихаар болов.    Тосонцэнгэл суманд 15 айлын орон сууц,  Нөмрөг суманд 8 айлын орон сууц,  Баянхайрхан суманд 8 айлын орон сууцны цогц хөтөлбөр хэрэгжинэ.  Орон сууцыг төрийн албан хаагчдыг тогтвортой ажилуулах зорилгоор барьж суманд болон төрийн албан хаагчдад өгнө.  Ирэх жил Засгийн газрын бодлого бусад сумдад үргэлжлэн хэрэгжинэ.
2025/02/14 10:11
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Увс аймгийн Улаангом хотод ажиллах үеэрээ шүүх, хуулийн байгууллагын алба хаагчид, Монголын хуульчдын холбооны салбар зөвлөлийн хамт олонтой уулзлаа. Уг уулзалтаар Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал,  шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.Уулзалтын эхэнд УИХ-ын дарга нийгмийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг иргэндээ ээлтэй, эрхийг нь хангасан байхад чиглүүлэх зорилгоор эрх зүйн цогц шинэчлэл эхлүүлснийг тодотгов. Энэ хүрээнд хуулийн хэрэглээг гажуудуулж буй журмуудыг цөөлж, ялгаварлан гадуурхалт, шударга бус байдлыг арилгаж, хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй байх энэ цагийн үзэл баримтлалыг төлөвшүүлэх нь чухал гэлээ. Түүнчлэн УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна гэж мэдэгдэв.Уулзалтын үеэр шүүхээр хэрэг, маргааныг хуулийн хугацаанд нь шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын талаар харилцан санал солилцсон юм. Алба хаагчдын зүгээс шүүх эрх мэдлийн системийн өөрчлөлтийг боловсон хүчний нөөцөөс нь эхлээд цогцоор нь авч үзэх шаардлагатайг хэлж байв.Увс аймагт гурван шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүн дутуу ажиллаж байгаагийн улмаас шүүгчийн ачаалал ихсэх, хэрэг маргаанаа түргэн хугацаанд шийдвэрлэж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд үүсэж байгааг дурдаж байлаа.Үүний дараа УИХ-ын дарга Улаангом хотноо 400 гаруй малчдын төлөөлөл чуулсан “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцсон юм. Уг зөвлөгөөнөөр “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн, тулгамдаж буй асуудлаас гадна зээл олголт, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл болон хоршооны сайн засаглалын хэлбэр, гадаад орнуудын жишиг туршлагуудыг танилцуулсан юм.Сүүлийн 8 сарын хугацаанд улсын хэмжээнд 7814 шинэ хоршоо байгуулагдаж, 77,233 малчид хоршоонд гишүүнээр элсчээ.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, цаг үеийн хэрэгцээ шаардлагаас улбаалан өрнөсөн “Шинэ хоршоо” хөдөлгөөн үр дүнгээ өгч эхэлснийг тодотгоод, цаашид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар 5 га хүртэлх газар эзэмших ажлыг эрчимжүүлэхтэй зэрэгцэн ногоон тэжээл тариалах зорилгоор газар эзэмших боломжоор хангахад анхаарна гэлээ.Түүнчлэн анхан шатны хоршоод нэгдэн дундын хоршооны зохион байгуулалтад орж жишиг хуулийн этгээд болоход дэмжлэг үзүүлж, хоршооноос гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд стандарт нэвтрүүлэх талаар зөвлөгөөнд оролцогчид хэлэлцсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/13 20:17
Нийслэлийн статистикийн хорооноос нийслэлд худалдаалагдаж буй махны үнийн мэдээллийг хүргэлээ.Тодруулбал, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 16523 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19598 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсөж 19598 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.6 хувиар өсөж 22585 төгрөгийн дундаж үнэтэй байна.
2025/02/13 19:14
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах юм.
2025/02/13 19:00
Завхан аймгийн Их-Уул сум Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.10 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны 02 сарын10-12 ний өдрүүдэд Баян-Ухаа, Үржил , Хонгор, Хуягт, Цэцүүх, Зарт багуудын хурал боллоо. Хурлын үеэр Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Энэбишчагнаа, сумын Засаг дарга Г.Батсүх, Засаг даргын орлогч П.Уламнэмэх нар 2025 онд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Багийн Иргэдийн нийтийн хуралд оролцогчдын олонхын санал авч дараах хүмүүс багийн хуралдаан даргалагчаар сонгогдлоо. Баян-Ухаа багийн Иргэдийн нийтийн хуралдаан даргалагчаар Ц.Гэрэлбаатар Үржил багийн Иргэдийн нийтийн хуралдаан даргалагчаар М.Дагвачүлтэм Хуягт багийн Иргэдийн нийтийн хуралдаан даргалагчаар Б.Бямбадорж Хонгор багийн Иргэдийн нийтийн хуралдаан даргалагчаар Ж.Батдорж Цэцүүх багийн Иргэдийн нийтийн хуралдаан даргалагчаар Ж.ГэндэнжамцЗарт багийн Иргэдийн нийтийн хуралдаан даргалагчаар Т.Отгонбат нар тус тус сонгогдлоо. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.
2025/01/25 13:01
Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2025.01.23) Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан.Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг Засгийн газрын 180 дугаар тогтоолоор мөн баталсан билээ.Энэ хүрээнд улаанбуудайн дээд болон нэгдүгээр зэргийн гурил, 9 нэр төрлийн мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлсөн.Хуулийн хэрэгжилтийн хүрээнд гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлсөнтэй холбоотой хилийн боомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдэж жилийн эцсийн байдлаар нийт 64.2 мян.тн улаанбуудайн гурил буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 35.9 мян.тн, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор 14.1 мян.тн, Увс аймгийн Боршоо боомтоор 10.3 мян.тн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Завхан аймгийн Арцсуурь боомтоор 3.9 мян.тн улаанбуудайн гурилыг Оросын Холбооны Улсаас тус тус импортолсон  байна.Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад шаардлагатай мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 117.9 мян.тн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их тэжээл импортолсон байна.Энэхүү нөхцөл байдал нь стратегийн хүнс болох улаанбуудай болон гурилын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын үйл ажиллагааг тогтворгүй болгож, тэдгээрт хийгдсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж үнэгүйдэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон сөрөг нөлөөг дагуулж болзошгүй байна. Иймд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан хууль зорилгодоо хүрсэн гэж үзэж буй учир Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.
2025/01/25 11:27
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран “Орон нутгийн төсвөөс санхүүждэг мал эмнэлгийн ажил, үйлчилгээний үнэ тариф шинэчлэн тогтоох” төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр  амжилттай зохион байгуулжээ Хэлэлцүүлэгт Улиастай, Алдархаан, Цагаанхайрхан, Яруу сумдын малчин, мал бүхий иргэд, мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүд нийт 40 гаруй иргэд оролцлоо. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэж заасан. Уг тарифыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 07 –ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталж байсан бөгөөд сүүлийн 8 жилийн хугацаанд шинэчлэн батлаагүй байна. Мал эмнэлгийн ажил үйлчилгээний төлбөрийн жишиг үнэлгээний өөрчлөлтийн саналыг аймгийн Мал эмнэлгийн газраас бод, гахай, нохойны тарилгын тарифыг 1500, бог малын тарилгын тарифыг 750 төгрөг байхаар танилцуулсан. Хэлэлцүүлэгт оролцогчдын саналаар бод, гахай, нохойны тарилгын тарифыг 1500, бог малын тарилгын тарифыг 1000 төгрөг байхаар тус тус санал гаргаж, энэхүү саналын төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулахаар шийдвэрлэв.
2024/06/10 15:34
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд хэрэгжих 2024 онд хэрэгжүүлэх ТЭЗҮ, зураг төсвийн ажлуудын жагсаалтыг 2024 оны 3-р сард баталсан. Энэ жагсаалтанд Тосонцэнгэл сумын дулаан хангамж, хэрэглээний халуун, хүйтэн усны гол шугамын зураг төсвийг боловсруулах ажил багтсан юм. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтын ажлын зураг төсөв, ТЭЗҮ боловсруулах ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах ажил эхэлжээ. Тосонцэнгэл сум инженерийн шугам сүлжээтэй болсноор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон төрийн байгууллага, хувийн хэвшлийн ААН-үүдийн барилга, байгууламжийн дулаан хангамжийн асуудал шийдэгдэж, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангагдах юм. Улмаар боловсрол, эрүүл мэндийн чанар хүртээмжийг нэмэгдүүлж, сумын нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлнэ.
2024/05/10 12:10
Өмнөд Америкийн Перугийн нийслэл Лима хотноо болж буй 2024 оны сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хөвсгөл аймгаас оролцогч, 7 настай Н.Аз-Эрдэнэ охидын ангилалд найман өрөг хожиж, дэлхийн аварга болжээ.Н.Аззаяа Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Хөх монгол" шатрын клубын тамирчин бөгөөд аав н.Нямдаваа дасгалжуулагчаар нь ажилладаг юм байна.