ФОТО

2024/01/15 23:25
Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр. Монголчууд эрт дээр үеэс Очирваань хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн ариун газар бөгөөд төрийн тахилгатай уул юм. 1779 оноос тахиж ирсэн бөгөөд 1930 он гэхэд тахилгыг зогсоосон байв. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар тахилгыг сэргээжээ. Их тайлгын овоо буву Төрийн овоог зарлиг ёсоор 4 жилд нэг удаа тахидаг. Төрийн овооноос хойш цуварсан жижиг овоонууд бий. Даян хэмээх мөргөлчдийн өргөл өргөдөг газар бий.Ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон хатуулаг чанартай уулсаас бүрдэнэ. Мөлийсөн оройнууд болон олон тооны нуур цөөрөм нь эртний мөсөн голын шинжийг агуулдаг. Их хэмжээний хур тунадас унадаг бөгөөд эндээс Их, бага богдын гол, Рашаант гол, Өвөр богдын голууд эх аван урсаж Завхан голд цутгадаг. Мөн сөнөсөн галт уулын тогоонд эртний мөсөн голоос үүссэн өвөрмөц сонин тогтоцтой нуурууд цөөнгүй бий. Тэдгээрийн нэг Бадархундага бөгөөд 300 х 400 метр хэмжээтэй. Отгонтэнгэр уулын доод оргил нь 3000 метр өндөр бөгөөд түүнийг “Очирваань бурхны тахилын аяга” гэдэг. Тэрээр ойр орчмын бүх томоохон голуудын эх нь болдог байна. Уур амьсгал хатуу ширүүн чийглэг бөгөөд жилийн 4 улиралд хүйтэн сэрүүн, цастай байдаг. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хамгийн том нуур нь Хөх нуур нь бөгөөд мөстлөгийн гаралтай, урт нь 5.5 километр, өргөн нь 3.5 километр юм. Отгонтэнгэр уулын хойд зүгт далайн төвшнөөс дээш 3643 метр өндөрт хүн бараг хүрч очоогүй нэг уул байдаг. Түүнийг Бага Богд уул буюу Бага Отгонтэнгэр гэдэг бөгөөд аргаль, янгирын нутаг юм. Энэ уулыг нутгийнхан “Сайн цагийн бурхдыг хамгаалагч уул” хэмээн шүтдэг. Отгонтэнгэр уулын салбар болох Баянзүрх уулнаас зүүн урд Чулуутын амны Алтан толгойн өвөрт алтан шаргал өнгөтэй, тун нарийн ширхэгтэй элс байдаг бөгөөд аманд хийхэд дорхноо уусаж алга болдог. Эмчилгээний чанартай бөгөөд нутгийнхан “Алтан элс” хэмээнэ. Отгонтэнгэр ууланд нэн ховор нөмрөгт банздоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль банздоо, эмийн бамбай, сибир алтанхундага, ягаан цээнэ, ацан ажигана, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор нандин ургамал ургадаг. Мөн Отгонтэнгэр уулын дархан цаазат газарт 13-55 хэмийн халуунтай 50 орчим рашаан байх бөгөөд эмчилгээний чанарыг нь XYI зууны үеэс мэджээ. Улиастай хотоос 85 километр орчим алслагдсан байдаг.
2024/01/15 23:18
Өмнөговь аймгийн Ханбогд суманд тээврийн жолооч осолд орсны улмаас биеийн байдал нь хүнд байгаа тухай мэдээллийн дагуу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ар гэрийнхэнтэй нь холбогдож, улмаар ОБЕГ-т үүрэг өгч Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас маргааш өглөө 08.30 цагт нисдэг тэрэг нисгэхээр боллоо.Хоёр талын Нислэгийн нийт хугацаа 7 цаг гаруй үргэлжлэх тул өнөөдөр нислэг үйлдэх боломжгүй гэж мэргэжлийн баг үзсэн юм.“Монгол Улс, Монголын төр нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг авран хамгаалахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно. Тийм ч учраас ийм яаралтай үед шуурхай тусламж үзүүлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг 2022 онд байгуулсан. Өнгөрсөн хугацаанд тус анги нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгөөд байна” хэмээн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба
2024/01/15 21:16
"Талх Чихэр" хувьцаат компанийн нэрэмжит "Хэвийн боовны баяр" уламжлалт Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Алсын жим" ХХК, "Алтаргана констракшн" ХХК, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн арслан Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Шивээ-Овоо" ХК, "Тэс Сүмбэр" ХХК, "Алтанбулаг Уул" ХХК, "Чойрын богд" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар үзүүрлэв.Дөрөвт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Эбэг" ХХК, "Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр", "Хан-Хэнтийн аварга" дэвжээний бөх, аймгийн арслан Д.Алтанцоож, Увс аймгийн Давст сумын харьяат, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн харцага Э.Лхамхүү нар шалгарлаа.Наймд аймгийн хурц арслан С.Очирбат, аймгийн арслан И.Мандах, М.Эрхэмбаяр, Э Дашдэмбэрэл нар үлдэв.Энэ 7 хоногийн бямба гараг буюу нэгдүгээр сарын 20-нд 13:00 цагаас Жем Интернэшнл ХХК - GEM International LLC  группийн 25 жилийн ойд зориулсан Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаантай.МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО